Monday, January 10, 2011

Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл аяны тэмдэглэл

Хөвсгөл аймагийн Мөрөн хот хот руу хийсэн аялалаа бичье гэж бодлоо. Би Хөвсгөлийн Мөрөн, Тариалан суман дээр эхнэртэйгээ хамт судалгааны ажлаар явсан юм. Хөвсгөл аймаг бол Монголдоо Улаанбаатар хотын дараа орох олон хүн амтай аймаг юм. Нөгөө талаар баруун хязгаар болхоор олон ястан амьдардаг. Хөвсгөл рүү чиглэлийн автобусаар явдаг бөгөөд аялалын цаг 18 цаг орчим үргэжлэнэ.

Билет авах тухайд бол хол зам олон цагаар явах гэж байгаа нөхцөлд аль болох урьдчилж авах нь зүйтэй. Тэгэхгүй бол өвлийн хүйтэнд доороо халуунаар үлээдэг фартай сандал байтугай зүгээр нэг хойшоо хараад шахцалдахгүйхэн шиг суучих сандал ч олдохгүй гэж мэд.
Билет авна гэдэг бол манай улсын ихэнх үйлчилгээний газарт тохиолддог асуудал болох нөгөө л очер дараалал үүссэн байна. Уртаа урт дараалалтай тэгээд түм түжигнэж бум бужигнаж байгаа энэ нөхцөлд урдуур дараалал дайрах сүйхээтэй этгээдүүд зөндөө. Яалтай ч билээ. Гэхдээ хэл ам хийгээд наануу цаануу, хөж хайг гээд байвал бас ч гэж гайгүй шүү. Энэ өдөр дараалалд зогсоход нэг том биетэй ах харин сүр бараагаараа нэг хааж зогсож дараалал дайруулсангүй зогслоо.

Би уг нь сүйхээчлэн зургийг нь авсан юм л даа дараа блог дээрээ тавья гэж бодоод. Тэгсэн олддоггүй. Устгасан юм байлгүй. Утсаараа авдаг болхоороо гологдол зураг их гарна аягүй бол тэд нартай хамт устгасан байж таарлаа.

Дараа нь харин миний ээлж ирхэд би Хөвсгөл аймаг 2 билет маргааш явхаар гэтэл харин нөгөө билет бичигч маргаашийн билетыг энд бичихгүй. Тэр цонх руу гэдэг байгаа. Ёо но... гэж 40 минут тэвчээр гаргаж зогссоны маань хэрэг гарсангүй.

Уншигч авхай та харин орохдоо билет бичигчээс Хөвсгөл аймгийн билет хаана бичиж байгааг асуухгүй, уншихгүй яасан юм гэх байх л даа. Харин би энэ асуултыг бичигчээс нь асуусан, цонхны хаяг самбарыг нь харсан өөр яах ёстой гэж. Ямар гараараа төөнөж далдыг харах авъяас байгаа биш.

Дахиад нөгөө цонх руу очлоо. Би ч эхний хоёр тэвчээр алдуулсан үйлдлийг өөрөө барьж чаддаг. Харин гуравдахь удаагийн үйлийг бол хэзээ ч тэвчихгүй байх аа. Хэдэн хүний дараа нэг юм билетээ бичүүлж авлаа. Энэ хооронд чинь миний араас дараалалд зогсож байгаа хүмүүс харин шахаад цонхноос минь билетээ аваагүй байхад мулт татах шинжтэй байсныг хэлэх юун.

Маргааш нь өдрийн 12:00 минутанд хөдлөх ёстой орос ах нарын үйлдвэрлэсэн ПАЗ маркийн автобусанд өөрийн байрлалаа аваад суулаа даа. Хүмүүс цугларсаар нааш цааш орж гарсаар цаг явсаар хөдөөнийхөн болсон хойно ануухан, нэг нэгээ таньдаг улс болхоор уварч суварч даах даахгүй ачаагаа авчирсаар.

Одоо гарах болов уу хэзээ гарах бол хүлээсээр нэг цаг, хоёр цаг, гурван цаг хүлээлгэж байж нэг юм цэгцрэх тийшээ хандлаа. Хөлний доогуур дээгүүр ачаа бараа жихээтэй сандалны дундуур ч гэсэн бүр сүүлдээ. Бараагаа автобусны дээд бариулнаас скочоор нааж зүүж эхлэнэ.

Адаг сүүлдээ ачаа бараагаа шингээх газаргүй болоод ирхээр тэрхүүхэн тэндээ газар нутгийн маргаан, зөрчилдөөн маягийн юм болоод эхлэнэ. Дээрх зурган дээр хөнжил тавих зай олдохгүй нэг эгчийн доор тавья гэтэл нөгөөх нь эсэргүүцэж байгаа нь.

Харин чиглэлийн автобусны ээлжийн жолооч нар бол дандаа ийм нөхцөлтэй явсаар байгаад сурчихсан. Аймар хэрүүл ч чих нь сортос сортос гээд ямар ч улаан хэлтэнийг өмнө бууж өгнө гэж байхгүй юм шиг байгаа юм. Шууд л "а" гэж хэлж амжаагүй байхад чинь мад тавьчихна.

За за ингэсээр байтал нэг юм Автобус 16 цагийн орчим жинхэнэ утгаараа аян замдаа гарна даа. Доорх зурганд туслах жолооч сандалгүй доороо запас дугуйгаа хаалганыхаа өмнө өрөөд тавьчихсан хаалгаа онгойх ямарч нөхцөлгүйгээр хаагаад тухтай нь аргагүй сууж байгаа нь. Санамсаргүй нөхцөлд зураг авна гэдэг хэцүү ажил юм аа.

Аваар осол тохиолвол лав төв хаалгаар гарна гэж найдах хэрэггүй. Цонхоороо амь мултрах нь илүү өгөөжтэй үр дүнтэй биз. Тэгээд ч нь том цонхтой унаа юм даа.
Та бүхэн дээрх зургаас хоёр хүн өөрийн хөнгөн гэж бодсон цүнхтэй ачаагаа өвөр дээрээ тавиад явж байгааг харж байгаа байх. Хүмүүс нь гарч биеэ засах хэрэг гарвал сандалны голоор байгаа ачаа барааны аль дорвиун харагдсан дээр нь гишигчээд гарна. Үүнээс болж эвдрэл хэмхрэл их гарнаа. За нэг иймэрхүү нөхцөлтэй явна даа.

Аа тийм нэрээ Холын замд дуу хөгжим телевизгүйгээр явхад тийм ч тухтай бус шүү. Энэ хооронд автобусны жолооч өөрийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани сурталчилгаатай жүжиг, clip-ээ тавьна. Түмэн олно үзнэ. Харин зарим нэг хэт эрх дураараа өссөн өсвөр насны хүүхдүүд үүнд садаа болж унтраа гэж чанга дуугаар орилно, уйлна. Түмэн олон ч яахав өвчинтэй зовлонтой юм болов уу? гэж бодоод султгана унтраана.

Харин нөгөө нөхөр зүгээр л эрхийн балай байж таарна. За за тэглээч нөгөө TV нь CD, DVD уншдаг болхоор замын донсолгоонд үсрээд олигтой ч гарсан юм болохгүй гацаж муураад явах биш. Уул нь одоо үед чинь flash оролттой DVD, CD тоглуулагч зөндөө байхад үүнийгээ зохицуулж чадахгүй нэрээ манай хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнийхэн арай ч дээ. Үйлчилгээний чанар гэж ерөөсөө байхгүй зүгээр хэлбэр дээр анхаараад байгааг харуулж байна. Хэлбэрийн үүднээс харвал TV, хөгжим сонсох боломжтой мэт харагдах боловч чанар ерөөсөө байхгүй. Яаалтай ч билээ.
Ингээд маргааш өглөө 8 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн хотын одоо автовокзал дээр ирж бууна даа. Хүмүүс өөр өөрсдийнхөө ачаа барааг буулгаж ялгаж авна. Ингэж нэг юм. Мөрөн хотод ирлээ.
Эхний удаа энэ хүрээд өндөрлөе.

2 comments:

  1. онгоц л сайхан дөө...

    ReplyDelete
  2. Бүх унаа сайхан өөр өөрийн онцлогтой өөр өөрийн түүхтэй

    ReplyDelete