Tuesday, December 8, 2009

Ой хөвчөөр зорчих нь

Наран ургах зүгрүү арван хэдэн насандаа анд найз нөхөдтэйгээ ахин нэг овооны наадамд хээр морио унаад явахыг хүснэ. Ойн хөвч ууланд олон даваа туулан овооны наадамд явахдаа замд таарах хот айлын олон нохойдыг хуцуулж уралдах сайхан.

Үд дундын нар өндийхөд уулын горхид хүрнэ. Өөр хоорондоо хөгжилдөн адуугаа услах үйлдэл нь цаанаа хэзээний нэг адуучин малчин ах нар болсон мэт даанч жаргалтай.

Ой модон дундуур мушгиран үргэжлэх замаар сүүдэр бараадан явахдаа өндөр модны хэлбэр дүрсийг хэлэлцэн явах нь шинэ нээлт хийж буй мэт. Ахиад би анд найзуудтайгаа овооны наадамд явахыг хүснэ. Ахиад би хээр морио хөлөглөн ой хөвч уулаар аялахыг хүснэ.

Зуны сар дуусах эхэн үед аавтайгаа би халтар хээрээ унаад намарын сартай шөнөөр уулсын хөндийг туулах үеийн тэр сайхан эрч хүч дүүрч буй мэдрэмжийг дахин мэдрэхийг хүснэ. Аавын дууны дотно аялгуу тэрхүү хөндийг дүүргэж эзэнтэй болгох нь миний зүрхний бяхцан айдасыг минь үргээх нь үнэхээр сайхан. Ойн чөлөөнд агтаа аргамжан сар мэлтийж одод түгсэн тэнгэрийг ширтэх нь зүйрлэхийг аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлсэн.

Байгаль эхийн гоо сайханыг хүү би өөрийн эрхгүй бишрэн хүндлэнэ. Агтын хааяа үүрсэх, өвс идэх чимээ нь хүү миний буй цаанаа нэг амар амгаланг мэдрүүлнэ. Хөвч ууланд яваа хэн бүхэн дуучин болно. Яагаад гээч хүн өөрийнхөө сэтгэлээсээ зүрхнийхээ угаасаа өөртөө зориулан дуулна.

Адуу давах өвсөн дундуур жим даган явахдаа жимсний болц шалган хэзээ түүхээ хоорондоо хэлэлцэн товлох нь үнэхээр сайхан/цаанаа нэг байгаль ертөнцийг танин мэдэгч болсон мэт/. Ээжийн өглөө чанасан цай үд дундад уухад үнэхээр өвөрмөц сайхан амттай байдаг.

No comments:

Post a Comment