Friday, February 5, 2010

Хятад Энэтхэгийн эсрэг: Өрсөлдөөн дайнд хүргэх үү?

Ер нь бидний мөнхийн хөрш бол хятад улс яахын аргагүй мөн
Үүнийг хэдэн зууны түүх бидэнд сануулдаг. Тийм ч учраас бид
өнөөдрийг хятадыг юуг хийж, хийх гэж байгааг байнга сонирхож
явах учиртай. Ингээд Хятад улстай холбоотой гарсан мэдээллүүдийг
оруулж байя гэж бодсон минь энэ.
(“Time”, АНУ, Jyoti Thottem (Жиоти Тоттэм))

Хүйтэн дайн бүр өөрийн гэсэн шинж тэмдэгтэй. Хятад ба Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн нутаг дэвсгэрийн дунд түрэн орсон Гималайн нурууны хэсэгхэн газарт тэр нь харуулын цэргийнхний үлдээсэн шар айргийн хоосон шил, тамхины иш зэрэг ердийн зүйлээр илэрнэ. Тэр өндөр ууланд хоёр орны харилцан тохиролцож чадахгүй байгаа хилийн шугамыг Энэтхэг, Хятадын армиуд манаж байна. Тэр тогтоогдон тодорхойлогдоогүй хилийн зурвасын шөнийн харуулын цэргүүд ул мөрөө үлдээнэ. Хоёр орны хооронд харилцаа сайн байгаа үед тэдний тэр мөрийг хог гэж нэрлэнэ. Харин байдал хурцдаад ирэхээр тэр мөр нь албан ёсны илтгэлд “хилийн түрэмгий маналтын ул мөр” гэж тэмдэглэгдэх аж. Хэдийгээр шууд сөргөлдөөн байхгүй ч энэ хоёр том гүрний харилцаанд хурцатмал байдал өсч байна.

Энэтхэг, Хятад хоёр хэзээ ч дотно байгаагүй ба сүүлийн үед харилцан цохилт хийсэн дипломат өрсөлдөөнд бараг тогтмол орох болов.Есдүгээр сард түвд лам нарын алдартай хийд байдаг хил орчмын Таванг хотод очих гэсэн Далай ламын төлөвлөсөн айлчлалыг Энэтхэг зөвшөөрөв. Хятад түүнийг нь өдөөн хатгалт гэж нэрлэв. Бээжин үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх (Manmohan Singh) Аруначал-Прадеш мужид очихыг эсэргүүцэж, тус мужийг Хятадын Түвдийн хэсэг гэж мэдэгдэв. Энэтхэгийн бүтцэд албан ёсоор багтдаг муждаа Ерөнхий сайд нь очих, эсэхийг Хятад заасанд дургүйцсэн Нью-Дели Пакистаны хяналтад байдаг ч Энэтхэг өөрийн гэж үздэг Кашмирт хятадуудын тусламжтайгаар цахилгаан станц босгож байгааг эсэргүүцэв. Энэ жил сонсогдож байгаа хатуухан үгүүд нь цэргийн үйл ажиллагаа болон хувирна гэж хэн ч бодохгүй байна. Гэхдээ л дайсагнал мэдрэгдэхүйц. “Энэтхэгийг хэдий хэр хэмжээгээр өдөж болохоо Хятад үзэж байна” гэж Нью-Делигийн Аюулгүй байдал, батлан хамаалахын судалгааны институтын (Institute for Defense Studies & Security Analyses) Пушпита Дас ярьж байна.

Хятад, Энэтхэг хоёр 3500 км-ын ерөнхий хилтэй. Энэтхэгийн талаасаа зүүн хойд хэсгийн мужуудаас эхлээд босогчдын үйл ажиллагаанд нэрвэгдсэн Кашмирийн Ладакха мөсөн голууд хүрдэг. Хятадын талаас бас тайван биш бүсээс хиллэдэг. Тэнд жилийн эхнээс хятадуудын эсрэг тэмцэлдэж байгаа Шинжаан, Түвд оршино. 1962 онд Энэтхэг, Хятад хоёр түр зуур байлдаад авсан юм. Хятадууд гэнэтийн довтолгоо хийж, Энэтхэгийн хэсэг газрыг эзэлсэн нь Энэтхэгийн хувьд гомдолтой. 1967 онд тэд дахиад л жижиг мөргөлдөөнтэй байлаа. Харин 1993 оноос хойш тэд тэр тогтоогдоогүй хилийн шугам дээрээ арай тайван байх болжээ. Одоо бол хилийн тэр бүсээ биш олон улсын нөлөөгөө илүүтэй анхаарах болсон байна.

Хятад одоо эдийн засгийн салбарын хүчирхэг төв. Гэхдээ өнгөрсөн онд хоёр орны хооронд энхийн атомын эрчим хүчний салбарын хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа улам өсч байгаа Энэтхэгийн нөлөө, хүч Хятадыг түгшээх болжээ. “Замбараагүй муухан удирдлагатай Энэтхэг, эмх цэгцтэй, хатуу удирлагатай Хятад гэх хоёр системийн өрсөлдөөн нь энэ болж байна” гэж Мохан Гурусвами ярьж байна. Тэрээр хоёр орны эдийн засгийн өрсөлдөөний тухай “Лууны хойноос хөөцөлдсөн нь” (“Shasing the Dragon”) гэх саяхан гарсан номын зохиогчдын нэг юм. Энэ өрсөлдөөн үргэлжилж буй ч АНУ хоёр талын аль алинтай нь сайн харилцаатай байхыг эрмэлздэг. Үүний тулд АНУ тэнцвэрийг барьж байх ёстой. Тийм тэнцвэр нь Вашингтоны хувьд энэ зууны хамгийн ээдрээтэй геополитик болно.

Уулын өндөрт байрласан Энэтхэгийн буудлын жижиг хот Таванг өнөөгийн өрсөлдөөний төв гэж огт харагдахгүй. Энэ хотоор л 1962 онд Хятадын цэрэг Энэтхэгт нэвтэрч байлаа. Тэр цагаас хойш Тавангад Энэтхэгийн армийн бригад байрлаж байна. Цэрэг байгаа нь алхам тутамд мэдрэгдэнэ. Тэр нь ч аргагүй. Таванг орчмын 80 000 оршин суугчид 15000 цэрэг ноогдож байгаа нь их тоо. Арми нь орон нутгийн бизнест ёстой том бэлэг гэж Тавангийн залуучуудын байгууллагын идэвхтэн Чомбей Ки хэллээ. “Тэд эндээс амралтаараа гэр орондоо очих бүртээ бэлэг дурсгал авч явдаг” гэж тэр нэмэн тайлбарлав. Ихэнх цагаа цэргийнхэн ойр хавийн ферм, цэцэрлэгийн ойролцоо хээрийн дасгал сургуулилалт хийж өнгөрөөдөг. Энд үе үе байдал хурцадна. Энэ зун Хятад Азийн хөгжлийн банкнаас Энэтхэгт олгох 2,9 тэрбум ам.долларын тодорхой хэсгийг Аруначал-Прадеш мужид үертэй тэмцэхэд зориулна гээд түүнд хориг тавихыг шаардсан билээ. Мужийн захирагч чөлөөний генерал асан Ж.Ж,Сингх үүнийх нь дараа Энэтхэг тэр бүс нутагт 50 000 цэргийн албан хаагчийг нэмэн илгээнэ гэж зарлаж байв. TIME сэтгүүлийн сурвалжлагчид Сингх ярихдаа цэргийн хүчийг нэмэгдүүлэх нь хурцадмал байдал үүсэхээс өмнө төлөвлөгдсөн гэлээ. Одоогоор цэргийн тоо нэмэгдээгүй байгаа. Ирээдүйн төлөвлөгөө гэж захирагч нэмэн хэлсэн юм. Нэмэлт хүчин ирсэн ирээгүй, Энэтхэг хилийн байдалдаа анхаарч байгаа. Сингхийн хэлснээр саяхан Хятадын арми Түвдэд 50 мянган цэрэг оролцуулсан өргөн хэмжээний хээрийн сургууль хийжээ.

Цэргийн үйлдлүүд нь сөргөлдөөний нүдэнд харагдахгүй хэсгийг халхлах гол хүчин зүйл болж байгаа. Тэр нь дэд бүтцийн талаар юм. Пакистаны Кашмирт Кохалагийн хоёр тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан станц барих ажлаа зогсоохыг Хятадаас Энэтхэг шаардсан нь үүний жишээ (Пакистантай Кашмирийн талаар 62 жилийн турш хийж байгаа маргаан нь Энэтхэгийн хувьд бол Хятадын Түвд шиг зовлонтой сэдэв юм)

Тэр төсөл нь Энэтхэгийн нөлөө давамгайлж байгаа бүсэд Хятад өөрсдийн нөлөөгөө ихэсгэх гэсэн төлөвлөгөөний хэсэг болж байна. Хятадууд Пакистан болон Шри-Ланкад олон боомтын байгууламжид санхүүжилт хийдэг. Хятадын Гадаад хэргийн сайд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Балбад айлчлан Балба, Хятадыг холбох автозам барих ажлын нээлтийг хийж байлаа. Үүний дараа Хятад Түвдээс Балба хүртэл төмөр замын салаа барих төлөвлөгөөгөө зарласан билээ. Энэтхэг Хятадын энэ эрмэлзэлд бас хариу хийдэг. Бээжин Афганистаны зэсийн орд газрыг ашиглахаар ярилцан тохиролцсоны дараа Энэтхэг нэг тэрбум ам.долларын тусламжийг Афганистанд үзүүлэхээр болсон юм.

Хятадын эдийн засаг нь Энэтхэгийнхээс хоёр дахин их бөгөөд Энэтхэгийн удирдлага түүнийг нь түгшүүртэйгээр хүлээн авч байна. Цэргийн төлөөлөгч нар нь хоёр жилд нэг удаа Аруначалад уулзахад энэтхэг цэргийнхэн тийшээ уулын замыг туулах чадвартай, бүтэн мацалттай хүчирхэг жиип хөлөглөн ирцгээнэ. Хятадын цэргийнхэн нь тэгш цардмал замаар седан хөлөглөн ирцгээдэг. Тэр нь Энэтхэгийн офицерүүдийн хор шарыг хөдөлгөдөг гэж тэд цаагуураа ярьдаг аж. 1962 онд зам, гүүрийн сүлжээ сайтайгаас л Хятадын арми Энэтхэгт шуурхай нэвтэрч чадсан юм. “Манай усан сангууд Гималайд байрладаг. Хятад манай нутагт нэвтрээд тэдний нэгийг дэлбэллээ гэхэд юу болохыг төсөөлөхөд бэрх гэж Уттаракханд мужид усан цахилгаан станц барих асуудлын зөвлөх, 1962 онд сурагч байсан Ражи Нинвал өгүүлэв.

Геополтикийн тоглоомын журам 1962 оноос хойш өөрчлөгдсөн нь мэдээж. Хятад өнөөдөр Америкийн эдийн засагтай холбогдоод тус улсын төрийн сангийн 797 тэрбум долларын үнэт цаасийг эзэмшигч. Ерөнхийлөгч Обама Бээжингийн удирдлагатай эвлэрэнгүй байр сууринаас хандаж тэдний үзэн яддаг Далай ламтай Хятадад хийх айлчлалынхаа өмнө уулзахгүйгээр шийдсэн байна. Үүнтэйгээ зэрэгцээд АНУ Энэтхэгтэй цэргийн салбарын хамтарсан үйл ажиллагаагаа бэхжүүлж байна. Мониторингийн гэрээг энэ жил Энэтхэгтэй байгуулснаар Америкийн цэргийнхэн технологио чөлөөтэй худалдах болов. “Энэтхэг бол олон улсын төвшинд бидний чухал түнш” гэж Honeywell Aerospace компанийн батлан хамаалах ба сансрын салбарын ерөнхийлөгч Гаррет Микита ярьсан ба тэрээр саяхан Энэтхэгт очин удирдлагатай нь уулзсан хүн юм. Энэ компани нь Энэтхэгийн 300 Jaguar сөнөөгчийн хөдөлгүүрийг шинэчлэх төсөл авахаар өрсөлдөж байгаа хоёр компанийн нэг юм. Хөдөлгүүрүүд хуучирсан учир ямар ч нөхцөлд шинэлэгдэх нь тодорхой. Саяхан Хятадтай байдал хурцадсан нь уг төслийн хугацааг хурдасгаж өглөө. Ажлын хуваарь хурдасч байна гэж Гаррет хэлжээ.

Талууд удахгүй Бангкокт болох Зүүн өмнөд Азийн саммитаар хурцатмал байдлаа намжаах талаар ярилцах байх. Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ба Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао нар саммитаар уулзана. Ганцхан уулзалтаар бүх асуудал шийдэгдэхгүй. Хоёр тал бичил хувилбарын энэ тоглоомдоо татагдан орсон байгаа. Тухайлбал, саяхан Кашмирийн нэг оюутан виз авахдаа тамга даруулалгүйгээр түүний паспортад нь хавчаараар тогтоосон хуудас авчээ. Тэр нь Кашмир бол Энэтхэгийнх гэсэн далд санааг агуулсаных. Үүний дараа энэтхэгүүд бас тийм зүйлийг түвдүүдэд хийнэ гэсэн санааг Гурусвами яриандаа гаргасан юм. Энэ бүгд нь өчүүхэн зүйл. Гэхдээ өргөн цар хүрээтэй болж магадгүй. Гималайн өндөр ууланд цэргийн эргүүл өмнөхийн адил үүргээ гүйцэтгэсээр…

Нийтлэлийн эх сурвалж: China Vs. India: Will Rivalry Lead to War?

Эх сурвалж http://citizen.miniih.com/index.php/home/post/24

No comments:

Post a Comment