Friday, February 26, 2010

Монголчууд ноолуураа хятадуудаас эргүүлэн худалдаж авч байна

Өчигдөр 8 цаг 8 минут

 Хөнгөн зөөлөн, эрхэмсэг тансгаараа гайхагдсан ноолуурын хэрэглээ дэлхийн хэмжээнд нэмэгдэж байна. Дэлхийн гангачууд энэ жил цастай өвлийн жаврыг халхлах хөнгөн дулаан хувцсанд ноолуурыг нэрлэж байна. Энэ бол ноолуурын салбарынханд алдаж болохгүй агшин. Гэтэл манай улсын ноолуурын салбарынхан түүхий эдийн хомсдолд ороод байна. Хавар, зун 20 мянган төгрөгт ч хүрэхгүй байсан ноолуурын үнэ тэнгэрт хадаж 40 мянгын босго шүргэжээ. Алс холын бодол суугаагүйн дээр хөрөнгө мөнгөний хомсдолоос болж ноолуураа нөөцөлж амжаагүй үндэсний үйлдвэрүүд түүхэндээ анх удаа түүхий ноолуурыг гадаадаас худалдан авч, “өл залгаж” эхэлжээ. Хэзээнээсээ хэтийг харж сурсан хятадуудаас монголчууд монгол ноолуураа эргүүлэн худалдан авч байгаагийн дээр алс холын Афганистанаас самнасан ноолуур оруулж иржээ. Одоогийн байдлаар манай улсад ноолуурын иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг 12 үйлдвэр, анхан шатны боловсруулалтын 20 гаруй, сүлжмэл бүтээгдэхүүний 30 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ажээ. Мөн Хятад, Өмнөд Солонгос, Тайваниас ээрмэл утас оруулж ирж, ноолууран хувцас үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр ченжийн аргаар борлуулдаг 200 гаруй жижиг үйлдвэр байна. Ерээд оны эхээр цор ганцаараа байсан “Говь” комбинат араасаа энэ олон “дүү дагуулсан” нь монголын ноолуурын салбарт том давшил гарсан гэж дүгнэж болохоор. Гэвч энэ бол зөвхөн тооны хувьд өссөн үзүүлэлт юм. Ноолуурын салбарт чанарын болоод экспортын дэвшил огтхон ч гараагүйг хэдхэн тоогоор ишлэе.


“Говь” компани дангаараа үйлдвэрлэл эрхэлж байхдаа жилд 20-30 сая ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр экспортолж байжээ. Хамгийн багадаа л 17-25 сая ам.долларыг тухайн үед улсын төсөвт нэмэрлэж байж. Гэтэл одоо энэ тоо огтхон ч өсөөгүй гэнэ. Энэ нь ноолуурын салбарт чанарын хувьд ахиц гараагүйг баталж байна. Ноолуурын үйлдвэрүүдэд тулгамддаг хамгийн анхдагч бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө. Одоогоор иж бүрэн үйлдвэрлэл явуулж байгаа томоохон үйлдвэрүүд хүчин чадлынхаа ердөө л 20-30 хувийг ашиглаж байгаа гэсэн харамсмаар тоог Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу хэлж байсан юм. Ийм байдалд хүрсэн нь түүхий ноолуур хилээр гаргахад оногдуулж байсан 4000 төгрөгийг тэглэсэн УИХ-ын шийдвэртэй шууд холбоотой гэж тэрбээр мөн онцолсон. Түүхий эдийг хил гаалиар чөлөөтэй гаргадаг болсноос жилд бэлтгэдэг ноолуурын 60-65 хувь нь зөвхөн БНХАУ руу ачигдах болжээ. Эндээс Дэлхийн худалдааны байгууллагаас манайд үзүүлж буй шахалт нь хөрш орныг дэмжсэн шахалт болон хувирч байгааг төр түшигчид анхаарахад илүүдэхгүй нь.

Ноолуур гээч сайхан эдтэй монголчууд 1976 онд л анх танилцжээ. Түүнээс өмнө ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж мэддэггүй байжээ. Анхны ноолууран бүтээгдэхүүнийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр япон мэргэжилтнүүд ирж зааж сурган анхны бүтээгдэхүүнээ шувууны өдтэй зүйрлэн нэрлэж байжээ. Ингэж л “Говь”-ийг байгуулах санаа төрсөн гэдэг. Харин түүнээс хойш урт замыг туулж. Өнөөдөр тус салбарынхны толгойны өвчин бол ноолуурын чанар. Монгол ямааны үүлдэр угсааг сайжруулж, ноолуур бэлтгэх ажлыг цэгцлэхгүйгээр ноолууран бүтээгдэхүүний чанарын тухай ярих нь капитализмыг алгасахын үлгэртэй агаар нэг ажээ. Социализмын үед ноолуурын өнгө зүс, микрон, уртаар нь ялган бэлтгэдэг байжээ. Гэтэл өдгөө ялгах нь бүү хэл жин даруулах зорилгоор зориуд бохирдуулах нь энүүхэнд гэнэ. Ийм байдлаас гаргах хамгийн зөв шийдэл нь хөдөө аж ахуйн бирж гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хөдөө аж ахуйн бирж байгуулчихвал ноолуурыг кг жингээр нь бус өнгө зүс, микрон, уртаар нь үнэлэх боломж бүрдэх ажээ. Тиймээс малчид ч ноолуураа үнэд хүргэх үүднээс малынхаа үүлдэр угсаанд анхаардаг болно гэж тэд найдаж байгаа ажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд монгол ноолуур нэг микроноор бүдүүрснийг судлаачид анхааруулж байна. Ийнхүү ноолуурын чанар уруудахад сүргийн бүтэц онцгой нөлөөтэй гэнэ. Нас гүйцсэн эр ямаа, сэрх, хөгшин ямаа нийт ямаан сүргийн 30 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр ямааны ноолуур микрон өргөнтэйн дээр сахлаг. Ийм ноолуур ахиу орсон бүтээгдэхүүн амархан “бөөстдөг”. Хэдийгээр натурал бүтээгдэхүүн гэдгээр өмгөөлж болох ч эдлэж хэрэглэх нь бүү хэл дэлгүүрийн лангуун дээр байхдаа л “бөөстчихдөг” нь ноолуурын хамгийн муу чанар. Тиймээс ноолуурыг бөөснөөс ангижруулах аяныг одоогоос хориод жилийн өмнө “Говь”-ийнхон нэг удаа өрнүүлжээ. Үйлдвэрийнхээ технологид өөрчлөлт хийсэн төдийгүй ноолуурын сахлагийн хэмжээнд онцгой анхаарч. Үүний үр шимийг ерээд оны эхэн үед ноолууран бүтээгдэхүүн хэрэглэж байсан хүмүүс сайн мэднэ. Түүнчлэн ноолууран бүтээгдэхүүн дэндүү уян чанартайгаас биегүй байдаг нь зарим хүмүүст таалагддаггүй. Тиймээс биетэй болгохын тулд хангай үүлдрийн хонины хурганы ноос бага зэргийг хольж тун чиг дориун ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн туршиж байжээ. Монголын ноолуурын салбарын төлөв байдлыг судалсан ноён Х.Куффнер хэлэхдээ “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр монгол ноолуурын эрэлт өндөр хэвээр боловч нэр хүнд буурах хандлага ажиглагдаж байна. Баруун Европын орнууд, АНУ, Япон зэрэг оронд ноолуурын хэрэглээ их байдаг ч тэнд монгол ноолуур байр сууриа эзэлж амжаагүй. Өдгөө хятад, итали, англид ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл ахиу байгаа, нөлөөлөл нь ирээдүйд ч хүчтэй хэвээр байх магадлалтай. Тиймээс монголчууд өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс оруулсан ноолууран бүтээгдэхүүнээ сурталчлах хэрэгтэй. Монголын ноолуурын салбарын нэгдүгээр асуудал бол сурталчилгаа, хоёрдугаар асуудал ч мөн сурталчилгаа” гэсэн дүгнэлт хийсэн нь нэгийг өгүүлнэ. Аливаа бүтээгдэхүүний чанараас илүүтэй өнгө үзэмж, сурталчилгаа нь түрүүлж хүнд хүрдгийг шинжээч дахин дахин онцолсон бөгөөд энэ нь монгол ноолуурын чанар муу биш гэдгийг давхар баталж буй хэрэг юм. Дэлхийн зах зээл дээр хятад, монгол гэдэг хоёрхон тоглогч байлаа ч зах зээлээ алдахгүйн тулд сурталчилгааг л чухалчлахыг австрали шинжээч сануулж байна. Цаашдаа Канад, Шинэ Зеланд, австрали зэрэг орнууд руу үзэсгэлэн яармаг гаргах, олон улсын байгууллагад элсэн орох зэрэг аргаар зах зээлээ өргөжүүүлэхийг ч мөн сануулсан юм.

Уг нь монголчууд бид өөрсдөө 3000 гаруй тонн ноолуурыг дотооддоо боловсруулах хүчин чадалтай. Үүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаавл 180-200 сая ам.доллар олох болмж байжээ. Гэтэл энэхүү хэмжээнээсээ давсан буюу 4900 тонн түүхий ноолуурыг өнгөрсөн онд гадаадад гаргасан нь тэр хэмжээний орлогыг алджээ гэсэн үг юм. Цаашдаа аль нэгэн улсын түүхий эдийг бэлтгээд байлгүй үйлдэвэрлэлээ хөгжүүлэх, тэр дундаас хуримтлуулсан туршлагаа шинэ технологиор баяжуулах боломж байгааг эцэст нь дуулгахад илүүдэх юун

Д.Цээпилмаа

Эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=64544#0.1562088419391393

No comments:

Post a Comment