Friday, February 12, 2010

Юань дэлхийн нөөц валют болно

6 цаг 56 минутын өмнө

Хятад улс дэлхийн санхүүгийн тогтолцоог тэнцвэртэй байлгах зорилгоор юаниа олон улсын нөөц валют болгохоор зорьж байгаа тухай тус улсын Төв банкны тэргүүн асан, Нийгмийн хамгааллын сангийн Үндэсний зөвлөлийн дарга Дай Сянлун мэдэгдэв.

Тэрбээр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болсон Олон улсын эдийн засгийн бага хуралд үг хэлснийг Лондон хотноо гардаг Америкийн “Интернэшнл геральд трибюн” сонин мэдээлсэн байна.

“Дэлхийн нөөц валют байх эрхийг дангаар эзэмших нь дэлхийн шинэ эдийн засгийн дүрэм журамд цаашдаа нийцэхгүй” гэж Дай Сянглун мэдэгдээд, өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямрал АНУ-аас үүдэлтэй бөгөөд олон улсын санхүүгийн одоогийн бүтцийн доголдолтой олон талаар холбоотой гэжээ.

100 тэрбум долларын хөрөнгөтэй, Хятад улсын хөрөнгө оруулалтын томоохон сангуудын нэгийнх нь зөвлөлийн даргын тэмдэглэснээр, Хятад улс АНУ-ын валют тэргүүлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрч байгаа ч дэлхийн валютыг олон болгож хөгжүүлэх нь зүйтэй. Түүний үзэж байгаагаар, дэлхийн санхүүгийн шинэ тогтолцоо юуны түрүүнд, АНУ-ын доллар, евро, Азийн хэд хэдэн улсын валют орсон валютын сагсанд тулгуурлах ёстой.

“2030 он гэхэд юань олон улсын хатуу валют болно. Ирэх 20 жилд юань бүрэн хөрвөдөг болж, дэлхийн томоохон орнуудын Төв банкны валютын нөөцийн бүтцэд өөрийн гэсэн байр сууриа эзлэх ёстой. Ингэснээр дэлхийн санхүүгийн тогтолцоог тогтвортой байлгах үүргийг Хятадын Засгийн газар хүлээж болно” гэж Дай Сянлун тэмдэглэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж http://economics.gogo.mn/news/66109

No comments:

Post a Comment