Thursday, June 3, 2010

Дорноговь Сайншанд очсон тэмдэглэл

Сүүлийн 7 хоногийн Дорноговь аймгийн Сайншанд суманд "Эх үрс"-ийн баярыг тэмдэглэх зорилгоор очоод ирлээ. Энэ сумын хувьд гэвэл 19,8 мянган хүн амтай, 5 багт хуваагддаг. 36,6 мянган малтай гэж байгаа. Гэхдээ малын тоонд баталгаа гаргаж өгөхгүй шүү.
Эрхэм Хүдэр би Сайншанд руу өглөөний 09:30 минутаас Улаанбаатарын галт тэргээр аяаллаа. Билет авна гэдэг энэ үед ёстой ахадсан очер дугаартай байлаа. Ядаж байхад хаана нь Сайншанд руу өглөө явах билет бичиж байгаа нь тодорхойгүй. Урдуур ороод хаашаа бичиж байгааг нь асуух гэхээр дугаар хүлээсэн олон түмэн очер дайрах нь гэж сэжиглээд хэл ам гаргаад ёо энэ нь ч зөв.
Ингэж нэг явсаар өглөөний суудал бичиж байгаа цонхон дээр дугаар хүлээлээ. Ингэх хоорондоо аль вагонд дажгүй суудал байгааг хянах салбараас харчихлаа. Давгүй шүү. Ер нь Сайншанд сум (уншихаар зүгээр нэг сум гэж ойлгогдооод байж магад, уул нь Дорноговь аймгийн төв нь юм)-руу Улаанбаатараас хоёр удаа галт тэрэг дайрч өнгөрдөг. Дараачийх нь Замын үүд чиглэлийн галт тэрэг 16:30 минутаас хөдөлдөг. 16:30 суудлаар наймаа, худалдааныхан урагшаа гардаг учир хүн ихтэй тул аль болох өглөөний суудлаар явсан нь дээр.
Нийтийн суудал нь 7400 төгрөг байдаг юм, мөн хагас, бүтэн купе байдаг. Миний хувьд бол хувийнхаа ажлаар яваа учир нийтийн жишгийг л дагаж сонгосон. Ингэж явахад үнэхээр сонирхолтой. Чи лав замын 5 найзтай болоод бууна шүү. Баяр ёслолын өдрүүд тохиож байгаа болохоор нутаг усандаа аав, ээж дээрээ баярлах гэсэн хүүхэд, оюутан, залуучуудын цуваа их. Тийм учраас өөрийнхөө местийг сахиж сууя.
Галт тэрэгээр замд явахдаа хөзөргүй явж ердөө ч болохгүй. Тэр тусмаа Улаанбаатараас урагшаа явж байгаа нөхцөлд. Энд бол ёстой хөзөр, мушгиар амиа даагаад аль эсвэл хэн нэгтэй нь нийлж баг болоод бусадтайгаа үзэж өгнө. Эхэндээ хөзөр биднийг нэгтгэнэ. Дараа нь олон сонирхолтой яриа биднийг нягтруулна. Гэхдээ бид утас шөрмөсний дугаар байтугай нэрээ хүртэл солилцохгүй. Осолтгүй хүрэх газраа солилцоно.
Энэ удаа бидэнтэй нэг айхтар сайн хөзөр тоглодог залуу таарлаа. Биднийг ёстой нэг бут ниргэж байна. Шар гозойлгож, уур хүрээл. Уул нь амь амиа дааж байгаа юм. Гэхдээ нөгөө залуугаа хожихын тулд нүүрэн дээр нь дөрвүүлээ эвсэж байгаад нөгөө залуугаа хөзрөөр илт хуйвалдаж байгаад хожигдууллаа. Эр хүний ноён нуруутай нөхөр байсан шүү. Уурлах нь байтугай эвгүй зангинах ч үгүй сууж байгаа юм даа. Зарим нэг местийн эмэгтэй нөхдүүд ямар тэвчээртэй залуу бэ? Би лав байсан бол уурлаад хөзрийг нь ураад цонхоор шидээд вагонийг нь салгаж байгаад шинэ хөзөр аваад дахиад тоглох байсан гэж бөөн инээдэм болсон юм даг. Хамгийн гол нь бид сүүлийн вагонд явж таарсан.
Ингэж явсаар местийн найзууд маань буух газраа бууж бид ч зорьсон газраа ирлээ. 20:00 цаг галт тэрэг Шандын өртөөн дээр ирдэг юм. Өө нэрээ Шанд (Сайншанд) бол Догшин хутагт Данзан Равжаагийн нутаг учир Хүмүүс их ирнээ. Энергийн төв, Эхийн умай, Хүслийн уул, Хар уул, Равжаагийн бяслгал хийж байсан агуй, сакура цэцэг, хийд, Равжаагийн музей гээд л үзэх юм зөндөө. Энэ бүхнийг тойроод үзэхэд 108 км болдог. Замдаа элсэн жижиг тасархай тааралдана.
Биднийг ингэж ирэх үед чинь Сакура цэцэглэж байгаа гээд үзэх гэсэн хүмүүс зөндөө. Хаа байсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас байгууллагаараа явж байхдаа таарсан. Сакура цэцэг гэснээс Японд ургадаг энэ мод Дорноговьд ирсэн нэгэн домог байдаг. Нэгэн самурай Данзанравжаатай уулзаж зэвсгийн эрдэмээ сорьхоор болжээ. Самурай илдээрээ мод цавчиж үзүүлсэнд Равжаа од шидэж харуулжээ. Самурай Данзанравжаан чадварыг ихэд бишрэн түүнд шавиар оржээ. Равжаагаас 3 жил од шидэх эрдэмийг сурж, нутаг буцахдаа нэгэн модыг суулгаж өгчээ. Тэр нь ургаж үржсээр өнөөгийн төвшинд хүрсэн бололтой. Нутгийн бага дунд оврын унаатай нөхдүүд тэдэнд үйлчилж хөөрхөн бизнес хийчихдэг. Уул руу явахад хүний 10.000 төгрөг байдаг байхаа. Түрүү жил нь тийм байсан энэ жил өөрчлөгдснийг мэдэхгүй байна.
Шанд дотроо такси нь хаашаа ч явсан хүний 500 төгрөг байдаг. Ямар ч байсан аймгийн төв дотор л бол гэрийн чинь үүдэнд хүргээд өгчихдөг юм. Зочид буудал нь хүний 8.000-30.000 төгрөгний үнэтэй. Боломжийн буудлаас эхлээд тансаг буудал хүртэл байгуулагдсан.
Эх үрсийн баяраар олон ардууд хүүхдүүддээ гоё ганган хувцсыг нь өмсгөөд төв талбай дээрээ цуглана. Төв талбай дээрээ урлагийн тоглолт, дү дү машины уралдаан, манцуйтай тамирчны уралдаан гээд л олон арга хэмжээ явагдана.

Аймгийн төвийн нэг онцлох бол усан оргилуур. Усан оргилуур нь талбайн урдаа байрлах цэцэрлэгт хүрээлэндээ байрладаг бөгөөд энд л хүүхэд залуучууд бүгдээрээ цугларна даа. Ялангуяа нарны илч буураад оройн цагаар бол хүн тасарна гэж байхгүй.
Усан оргилуурынхаа хажууд хөөрхөн бассейнтай тэнд нь хүүхдүүд орох юм. Цэцэрлэгт хүрээлэн нь тийм ч том биш ээ, дунд зэрэг боломжийн хэдэн модтой. Тийм л газар. Урагшаа говь тал болоод ирэхээрээ их халуун шүү дээ, хангайн хүн бол тэсэхэд бэрх газар. Ёстой нэг тарвага , доошоо нүх ухах шахна.
Шанд нь Ар шанд, Өвөр шанд гэж хуваагдана. Гэхдээ би одоо хүртэл ялгааг нь гаргаж чадаагүй л байгаа. Хэ хэ өөрсдөө очоод учрыг нь ол. Ямар ч байсан танктай хөшөөний тэр хавиар хуваагддаг болтой.
За за Улаанбаатар луугаа буцъя дөө гэж. Галт тэрэгний билет бичих цагийн хуваарийг би ерөөсөө ойлгодоггүй. Ямар ч байсан ажлын өдөр өглөөний 09:00-12:00 хүртэл, 18:00-21:00 хүртэл бичдэг юм байна лээ. Буцах болсон чинь билет авна гэдэг мань мэтийн амьтны шандас шалгасан ажил бололтой. Уул нь эртхэн авъя гэж бодоод 18:15 минут гэхэд возал дээр ирсэн чинь уртаас урт дараалал хамгийн хойно нь очоод зогслоо. Урагшилж байгаа нь ч мэдэгдэхгүй. Урдуур хүмүүс ороод л байх юм.
Бухимдаад дайрч байгаа хүмүүст хэллээ. Битгий урдуур дайраад бай гэж хэл амаа билүүдэж эхэллээ. Ингэж нэг юм урдуураа улаан хөлтнийг гишгүүлэхгүй боллоо. Даанч Шимэгчид аль ч нийгэмд амьдардаг хойно. Тэд чинь царай зүс, бие хаа сайтай, боловсролтой гэмээр, ихэд цэвэрхэн нөхдүүд.
Орилж чарлаж ичээж байхгүй л бол болохгүй улсууд. Зарим нь бүүр ичихээ ч мэдэхгүй хувь үзэлтэн. Тэднээс л болж нийгэмд бухимдал үүсэж байна ш дээ. Сайншандын залуучууд нь охид, хөвгүүд гэлтгүй урдуур дайрна. Хүмүүс билетээ аваад өг гэж өгнө. Тэр болгоны тоогоор миний билет авах хугацаа хойшлогдоно. Ингэж ингэж нэг юм бүтэн цаг хөл дээрээ зогсож нэг билетээ авна. Зарим нь хэзээ ирэх нь хамаагүй шууд л бяцхан заль хэрэглээд ажлаа бүтээчихнэ, харин мань мэтийн шударгадуу гарууд түүний золиос болно. Ийм нөхдүүдийг ер нь буудаж байвал таарах юм байгаа юм ш дээ уг нь. Гэхдээ яалаа гэж буудах бэ? Зүгээр шийтгэж байвал таарна.
Шандаас Улаанбаатар луу орой 21:00 цагаас хөдөлнө. Мэдээж үнэ тариф ижил. Мест местээ сахиж сууцгаана. Өглөө 08:00 буух тул аль болох өөрийн местээ сахиж унтаж авах нөхцлөө бүрдүүлнэ дээ. Ер нь 6 хүний гурваас дээш цуг яваа нөхцөлд их онцгүй шүү. Тэд хоорондоо ярилцаад үлдсэн нөхдүүдээ хоорондоо танилцах хугацааг хойш татна. Гэхдээ зүгээрээ танилцаад ярьж хөөрөөд л явна. Галт тэрэгний үйлчлэгчийн ажил хэцүү юм аа. Замаас согтуу хөлчүү нөхдүүд суугаад ажлыг нь хүндрүүлээд. Буцаж байхад хүн гэж битүү багталцахгүй шахуу манай мест яагаад ч юм байрлалаасаа шалтгаалаад тэр юм уу суух ёстой нөхдүүд сууж л байна.
Гэхдээ энэ байдал удаан үргэжилсэнгүй. Согтуу гурван найз. Ёо ёстой уйлмаар. Бидэнд ядаргаа болж ярих гэж оролдоогүй. Зүгээр бидэнд их тухгүй байсан. Шөнө унтаж байсан чинь нэг нөхөр нь гурван давхарт гарч хэвтээд түүнээсээ доошоо нисдэг байна шүү. Пид гээд л явчихлаа. Хүмүүс бид сэрээд. Өндийгөөд харсан чинь нөгөө гурван давхраас унасан ах зөв зүгээр сууж байгаа юм даа. Хараад инээд ч хүрэх шиг, буцаад унтлаа. Шөнө дунд дахиад л пад хийх чимээ гарч хүмүүс шуугилдаад явчихлаа. Сэрсэн чинь нөгөө нисдэг ах хоёр давхрын орноос ниссэн байна. Яа хөдөлдөггүй ээ. Ядаж байхад би гэдэг хүн нэг давхар хамгийн ойр хэвтсэн байж таараад. Түүнийг зүгээр эсэхийг (амид уу гэж) шалгахаар очоод татаад үзсэн чинь байдаггүй. Хөдөлдөггүй.
Анх удаа миний урд ослоор унаад хөдлөхгүй байгаа хүнийг хараад ухаан алдах шахлаа. Хамгийн түрүүнд үхчихэж гэж хүмүүст хэллээ. Хүмүүс дороо шуугилдаад, нэг ах харин сандраад татаж чангааж эхэллээ. Тэгсэн хуруу нь хөдөлж гарлаа (ёо бурхны минь аврал) өнөө ниссэн ах босоод ирлээ. Хаанаас нь юм бүү мэд цус шалаар дуссан харагдана.
Хүмүүс гайхаад лавлаж харвал дунд хуруу нь арагшаагаа хуга дарагдаад арьс нь ярагдаад цус нь урсаж байгаа нь тэр.
Мань ниссэн согтуу нөхөр ёо ч гэж дуугарахгүй, ядахдаа эрүүл ч болохгүй цусаа долоогоод л. Харин проводник тэр хавийг цэвэрлэж нөгөө нөхрийг үзлээ. Хамгийн инээдтэй нь нөгөө унасан нөхөр дахиад өөр хэсгийн гурван давхар гарч унтахаар авирсан. Хүмүүс боль гэж хэлээд ч нэмэргүй. Харин согтуугийн хоёр найз нь бас л согтуу болохоор бодож байгаа ч юм алга, хүмүүс гурван давхар гарсан нэг найзыг нь буу гэж хоёр давхрын нөгөө нисдэг согтуугийн орон дээр хэвт гэлээ. Гурван давхрын согтуу тэр орон дээр хэвтэх тун дургүй ихэд сэжиглэнгүй хүмүүстэй ороо сольё гээд л гуйгаад байсан.
Юу гэж хүмүүс местээ солих вэ дээ! Тэгж нэг юм согтуу нөхөр өөр тийшээ явсан хүний местэн дээр унтсан. Согтуу хүн сохор ухаантай гэдэг нь тэр юм байлгүй.
Ингэж явсаар Улаанбаатар хотдоо буулаа. Өглөө 06:00 цагаас галт тэрэгний радио хангинаж хөгжилтэй дуу хөвөрсөөр...

No comments:

Post a Comment