Sunday, March 21, 2010

Доромжлол ханхлуулсан “Гэрлэлтийн гэрээ” буюу зарын цаадах хүний наймаа

Хэдийгээр сайнаас нь саарыг нь бичиж сануулсаар байгаа ч Монгол бүсгүйчүүд харийн хүний өвөр лүү зүтгэх нь багасахгүй байна. Мэдсээр байж, сонссоор байж бусдын хэтэвчинд татагдан хэвтрийг нь дулаацуулахаар оддог хөөрхий бүсгүйчүүдийг яамаар ч юм, мэдэхгүй. Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Учир нь яг одоо миний гар дээр ийм гэрлэлттэй холбоотой баримт бичгүүд ирчихээд байгаа юм. Эдгээр нь “Олон улсын танилцуулах албаар зуучлуулан гэрлэж буй эмэгтэйтэй байгуулах гэрээ”, “Олон улсын хуримын гэрээ болон гэрлэлтийн гэрээ”. <> Солонгос хүнтэй зуучлалаар гэр бүл болоод, ханилна гээд аваад явсан хангүг нөхөртөө зодуулж, гэрийн хорионд орж хүчирхийлэлд өртсөн нэгэн монгол бүсгүй юу бодож яах гэж ийм гэрээг бариад хүний нутаг руу сайхан амьдарна гэж явснаа гайхан гайхсаар биднийг зорьж ирсэн билээ. Харийн хүний өвөр бүлээцүүлэх гэж одсон хөөрхий бүсгүйчүүдийн араас халаглаад барсангүй. Энэ гэрээ гэгчид монгол бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан зүйл заалт огтхон ч харагдахгүй байна. Солонгос улсын иргэний эрхийг маш сайн хамгаалж бүр хууль бус гэж болохоор үйлдлүүдийг нь ч дэвэргэж, дэмжсэн үг өгүүлбэр олноороо байна. Их монгол улс, Япон, Америк гээд олон улс оронд үеийн үед эзлэгдэж, колончлогдож явсан солонгос эр ХҮН, харин хадамд очихдоо ч хадаг яндар, хоргой торгоор сүй тавиулж, бэр гуйлган найр хийлгэж ёс төртэй ханийн заяа түшдэг монгол бүсгүй АДГУУС-наас дорд үзэгдэхээр гэрээ байгуулдаг юм байна. Гэрээг бүрэн эхээр танилцуулъя.
ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ№...200... оны ... сарын ... өдөрЭнэхүү гэрээг нэг талаас .......................... төлөөлөн ............. нөгөө талаас .................... оршин суух ................... иргэний үнэмлэхтэй ....................... регистрийн дугаартай ........................... нар нь 200... оны ... сарын ...-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна. Монгол улсын иргэн ......... овогтой ................ нь БНСУ-ын иргэн .......................-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно. Үүнд:1. БНСУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч эхэлсэн өдрөөс БНСУ-ын хууль үйлчилнэ. 2. БНСУ-ын иргэн .........................-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.3. Гэр бүлийнхээ өмнө гэргийн ёсоор гэр бүл, гэр орноо авч явж үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлнэ.4. Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно.5. Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.6. Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ. 7. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/8. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.9. Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна.10. Монгол дахь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх болно. /Утсаар ярих гэх мэт/ 11. Монголд байгаа гэр бүлийн хүмүүсээс Солонгост урих эрхтэй.12. Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.13. Гэр бүл болсны дараа нөхрийн буруутай үйлдлээс гэр бүл салахад хүрвэл нөхрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж төлүүлнэ.Гэрээг хүлээн зөвшөөрсөн.1. Монгол улсын иргэн ........................... /эхнэр/2. ......................................... /эхнэрийн талаас, эхнэрийн юу болох/ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭНөхөр: ...........................Хаяг: ..........................Эхнэр: ..........................Хаяг: .............................Дээрх хоёр хүний Олон улсын хуримын дагуу доорх гэрээг хийж байна.1. Нөхөр ............... , эхнэр .................... нь гэр бүл болох хүсэлтийн үндсэн дээр худал зүйлгүйгээр мэдэгдэх, хэрэв аль нэг тал нь худал хэлэх, санаатайгаар нуух, онцлох шалтгаангүйгээр салах хүсэлт гаргавал нөгөө талдаа 10.000 ам.доллар төлнө. 2. Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална. 3. Нөхөр ..............., эхнэр ................... нь хурим хийхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж хуримыг зуучилж буй байгууллага нь гэрлэлт бүртгэлийн албанд өгч гэрлэлтийг бүртгүүлнэ.4. Эхнэр болон нөхөр нь эрүүл мэндийн талаар нуух, хоорондоо хуурмаг зүйл байхгүй байх.5. Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө. 6. Нөхөр болон эхнэр нь Монголд гэрлэлт баталсны дараа аль нэг тал нь салах хүсэлт гаргах тохиолдолд зуучилж байгаа байгууллагад 4000 ам.доллар нөхөн төлнө. 7. Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.8. Нөхөр нь хуримласны дараа архи хэтрүүлэн хэрэглэх ба эхнэртэйгээ зүй бусаар харьцах, гар хүрэхийг хориглоно.9. Нөхөр нь эхнэрээ гэрийн хорионд байлгахыг хориглоно.10. Эхнэр нь архи хэтрүүлэн хэрэглэх ба тамхи татаж болохгүй.11. Уг гэрээ нь хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.12. Эхнэр болон нөхөр, Солонгосын зуучилж буй байгууллага нь уг гэрээг тус тус нэг хувь үйлдэн авна.Нөхрийн нэр: ..............Эхнэрийн нэр: ....................1. Эхнэрийн батлан даагч: .....................Хаяг: Утас: Үнэмлэхний дугаар:2. Нөхрийн батлан даагч: .......................Хаяг:Утас:Үнэмлэхний дугаар:200... оны ... сарын .... өдөрГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНөхрийн нэр:Эхнэрийн нэр:Эхнэр нь Солонгост ирсний дараа хууль бусаар ажилд орох, оргон зугтах, салах, салахыг шаардах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.Ийм л гэрээ байгуулаад Монголын хацар гоо охидыг харийнхан авч сууж байна. Ийм гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад Солонгосыг зорьж байгаа охид, эмэгтэйчүүдийг өрөвдөж байна. Энэ гэрээ нэг талаас хувь хүний өрөвдөм тавиланг илэрхийлж байгаа ч нөгөө талаар Монголын нийгэм ямар арчаагүй болохыг харуулна. Хүнээ битгий хэл малаа бусдад зүсэлж өгөхдөө өдөр судар, ёс төртэй ханддаг заншилтай ард түмний үр сад гэрээ гэхэд хэцүүхэн, нэг талын шахалт шаардлага түлхүү орсон хуудас цаасаар арилжаалагдсаар л байх уу, эрх баригчид аа?
Ж.Батхишиг

Нийтэлсэн: Shuud.mn (2010-03-22)

No comments:

Post a Comment