Friday, January 22, 2010

Хороололын нэгдүгээр дайн

Сайн байна уу? Эрхэм хүндэт уншигч та. Өнөөдөр их сайхан өдөр болж байна. Гадаа ойрд хүйтрээд ерөөсөө болж өгөхгүй байсан. Энэ өдөр сайхан дулаахан эхэлж байна. Бага насны нэг хөгжилтэй явдал санагдаад сэтгэл, санаа нэг тухгүй тогтож өгөхгүй болгочихлоо. Заавал бичиж байж санаа амармаар санагдаад болдоггүй. 12 настай байхад ойролцоогоор 1994 он юм уу даа. Хороололын дайн гэж бөөн юм болсон юм. Нийтдээ миний оролцсон 2 дайн байдаг.
Хороололын нэгдүгээр дайн.
Дайны өмнөх үе.
1994 оны зун дунд сар бороо сайхан ороод хөрс дэвтээд шавар хатаж байсан үе. Манайх гэдэг айл уулын дэнжид хэдэн дүнзэн байшин хашаа нийлэн гудам үүсгэж амьдардаг байлаа. Манайхын хажууд буурай аавын өвөлжөө байдаг өвөл нь төвдөө өвөлжөөд зундаа зусландаа гардаг байсан юм. Зуны дэлгэр цагаар өвөөгийн хашаанд хүн амьтан байхгүй байдаг учир. Өвс ногоо нь жигтэйхэн өндөр ургасан байсан юмдаг.
Орон нутгийн маргаан
Нэг өдөр аав ээж ажилдаа явсан хоёр дүүтэйгээ гэртээ үлдлээ. Өвөөгийн өвөлжөөн дээр гарсан чинь Цаад хашааны Сарипо хамаатныхаа хүүхдүүдийнхээ хамт модон буугаар байлдаж тоглож байна. Тэгхээр нь манай өвөөгийн хашаанаас гар гэж тэдэнд хамаарах хүний хувьд тушаалаа. Тэр хүүхдүүд улсаад бол манайд хамаарах нутагт хил нэвтэрч хээрийн сургуульт хийж байж. Бид чинь чөлөөт ардчилсан улсын иргэн хүнийхээ хувьд шаардлага тавих нь зөвөө. Нөгөө муу дайснууд хүний олон хүчний давуугаа (Надаас 4 насаар ах нэг хүүхэд байсан юм) ашиглан биднийг үл тоолоо. Бид харин эзэн хүний ёсоор тулалдаан бэлтгэж эхэллээ, мэдээж өвөөгийн өвөлжөө манай гэрийн талд байсан учир бид өвөлжөөний дээвэр дээр гарсан юм. Өвөлжөөний дээвэрийг гялгар цаасаар бүрээд шар шавараар хучсан байсан учир өнөөх нь яг дайн байлдаан хийхэд үнэхээр зохицсон (бага зэргийн чийгтэй шавар хүүхэд оногдлоо гэхэд гэмтэл авхаар биш) зэвсэг болсон.
Орон нутгийн байлдаан
Маргаан нь байлдаан болж эхэллээ. Шавар шийдэлцээл бөөн юм боллоо. Манай хоёр дүүгийн нэг нь эмэгтэй байсан юм. Өвөлжөөн дээр байсан боодолтой өвсийг өмнөө хаалт болгон ашиглаж ёстой нэг байлдаж гарлаа. Улаан эр зориг, эх оронч сэтгэл байсан тулдаа 3 хүн 6 хүний эсрэг тулалдлаа. Бид ялагдах нь тодорхой болж эхлэв. Өвсөн боодолныхоо араас цухуй чадхааргүй болтлоо шаваран шуурган сумны дунд ороод явчихлаа. Орон нутгийн шинж чанартай байлдаан эд өрнөж байхад манай нэг игүүрсэн нэг найз хашааны хойгуур явж байгаад бидний харлаа. Бид ч ухаан тас дуудлаа. Дөрвүүллээ боллоо. Нэмэгдэл хүч ирсэн юм чинь улам ширүүн эсэргүүцэж эхэллээ. Бас хүч дутмаг байна. Дайсан байрллаа хамгаалж тулалдаж байлаа. Харилцан шавараар буудалцаал. Бид ч баясаж урам орж дайснуудыг оновчтой шавар сумаар толгой, тархин дундуур нь хэд хэдэн удаа оносонд дайсны цэргүүдийн хор шар нь улам бадарч өвөлжөөг эзэлж авхаар дайрч эхэллээ.
Ялагдал
Мэдээж бүх юм ойлгомжтой хэдэн талаар авираад ороод ирлээ. Бид ч амьдаараа баригдах юм бол ч гардан байлдаанд ялагдах нь тодорхой, нэвсийтлээ зодуулах байх. Шинээр ирсэн хороололын найз бид дөрөв зугтахаас өөр зам үлдсэнгүй. Ухарлаа. Эх орноосоо шахагдан гарлаа. Баяртай гэр минь, баяртай өмөг түшигтэй өвөлжөө минь, баяртай хашаа минь!
Манайхан
Ялагдсан баатар эрс бид яах учраа олохгүй байлаа. Найз маань бид өмнө урд гудамжны Наранхүү дээр очье гэлээ. Бидний хийсэн эх нутгаа хамгаалахын төлөөх тулааны мэдээ хорооллоор нэгтээ тарсан. Бид ухарч явсаар Наранхүүгийн гэрт зугтсаар ирлээ. Ялалтандаа омогшсон дайсаны арми орилсоор ороод ирлээ. Бидэн дээр нэмэгдэж Нааяа, Наранхүү, том Улаанаа, жижиг Улаанаа Наранбаатар нэмэгдлээ.
Ухралт
Бид ухарлаа. Бүдүүн гудамж хүртэл ухарлаа. Тэд харин тэднийг гэндүүлэн довтолж шавраар баахан нүдлээ. Бүгд гартаа байсан шавараа шийдээд дууссан учир дайснаа жаахан гайхсан янзтай харлаа. Дайсан бидний юу болсоныг гэнэт мэдэн Дойлоо бахир сүртэй дуугаар дайраад гээд 6 хүн 10 аад хүнийг хөөж гарлаа. бид хам хум зугтлаа. Хувь хүний үзэл гэж ийм л байдаг юм бүгд л оногдогүй төлөө зугтаж байгаа юм чинь.
Байлдааны зохион байгуулалт
Бид ухарсаар урд гүйж байсан хэд нь шидэх сумтай болж, өөрсдийн ухарч яваа цэргүүдээ хамгаалж сөрөг дайралтанд орлоо. Дайсан тоогоор цөөн, сум нь барагдсан учир дайралтын хүч нь буурч, бид цэргийн зохион байгуулалтаа хоёр хэсэг болгон хувиарлаж, Нэгдүгээр хэсэг тулаанд орж сум нь дуусангут хоёрдугаар хэсэг тулаанд орж нөгөө хэсэг хүчээ сэлбэдэг байлаа. Оногдоод уйлж байгаа цэрэг алга.
Дайсанд нэмэгдэл хүч ирлээ
Улам дайрсаар байлдаан эд өрнөж манайх давамгайлж эхэлсэн үе. Дайсанд нэмэгдэл хүч ирлээ. Чоно Эрка, Нус Идэрээ, Долир Лхагваа дүүгийн хамт ирсэн гэсэн цуу тарлаа. Тэр дундаа буржигар Лхагваа чулуугаар савсан болгондоо нүх гаргадаг мундаг мэргэн баатар гэнэ. Бид тулалдсаар шавар байлдаан дуусах шинж алга. Бид түрэгдэнэ, дайрна.
Манайх илүү
Дайны нилээд үед манайх давамгайлах шинжтэй байсан юм даг. Ялж байгаа талд нь хүүхдүүд ордог болхоор манайх улам олон болж бүр сүүлдээ хэдэн хүнтэй болсон юм бүүд мэд. Гудамжны хоёр талд тулалдсаар. Сүүлдээ шавар сумнаас бултах шаардлага ч алга боллоо. Хэт олон шавараас яаж бултах бэ дээ. Оногдоол зугтаал дайраал.
Бүслэлт
Манай талд цэргүүдийг командлагч тодров. Нааяаа хамгийн ахмад настай бие томтой байсан учир бидний дагуулж тулалдав. Нааяаа цэргүүдийн ар талбар дээр 10-аад хүүхэд цуглуулан болгоомжтой шаварт оногдохоос айсан янзтай толгой нуруугаараа бөхийж бүслэх даалгавар өглөө. Бидний тактик тэдээс зугтаж буй дүр үзүүлэн тэднийг Бүдүүн гудамны гол авчрах байсан юм. Энэ хооронд манай 10 хүнтэй бүлэг дайсны ар тал гарч бүсэлж байгаад будаа болгох ёстой байв. 10 хүн ч явлаа. Бид ч ухарч эхэллээ. Дайсны толгойлогч Чоно Эрка зөвлөхтэй, Доолоо бидний санааг мэдээд гудамжны гол санаснаар орж өгөхгүй тулалдсаар. Нөгөө хэд ч ард нь гарлаа. Хоёр талаас дайраах завтал 10 хүнтэй бүлгийг нөгөө тэд чинь зад татаад ямар ч үр дүнд хүрсэнгүй.
Ялалт
Дайсны хүмүүс цөөрсөөр, зарим нь урваж манай талд ороод юу болж байгаа нь мэдэгдэхээ байлаа. Дайсан 5 хүнтэй үлдлээ бууж өгдөггүй ээ. Тулалдсаар хүүхдүүд сүүлдээ залхаж эхэллээ. Манайх одоо ялсан нь ойлгомжтой. Нар шингэх дөхжээ. Гэр онгорхой, аав ээжийн ирэх цаг дөхсөн байна. Долир Лхагваагийн дүү хатсан шаварт оногдлоо уйллаа. Дайн дуусслаа. Бид яллаа. Хүүхдүүд тарлаа.

No comments:

Post a Comment